Careers

Өнгөрсөн жилийн өдийд манай компани дээр Хүний нөөцийн мэргэжилтэй нэгэн танил дүү охин ирлээ. Учир нь манайхаас зарлагдсан Оффис менежер авах ажлын зарын дагуу ажилд орох хүсэлтэй байгаагаа хэллээ.
Түүнээс хэр их хугацаанд ажил хайж байна гэхэд:
- Их удаан хайж байнаа, намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд бүүр ч ажилд авахгүй байна өө гэлээ.
Хүний нөөцийн мэргэжилтнийг яагаад сонгосон бэ? гэхэд:
- Их сургуулийн 1-р курсдээ би Маркетингийн хичээлийн багштайгаа үг зөрснөөс болоод Маркетингийн хичээлдээ сонирхолгүй болоод, тэгээд Хүний нөөцийн мэргэжилтнээр сурсан юм. Ер нь бол би багаасаа мөрөөдөж ирсэн нэг хүслээ биелүүлэх юмсан гэж боддог. Миний мөрөөдөл бол Доналд Трамп шиг алдартай бизнесмен болох. Тэр дундаа хонины сүүлээр хүүхдүүдэд тохирсон органик саван хийж өгөх юмсан гэж боддог тухайгаа ярилаа.

Би түүнд компанийхаа үйл ажиллагааг товч танилцуулж, үйлчилгээнийхээ нэг болох хүний ур чадвар, зан төлөв, карьерын сонирхолд тулгуурлан мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлдог “Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг тодорхойлох” сорил өгөхийг санал болгож, сорил өгүүллээ. Би түүнд "Хэрвээ чи миний хайж байгаа хүн мөн бол би чамайг ажилд авъя, хэрвээ биш бол чиний ажил мэргэжлийн чиглэлийг тодорхойлж өгч тусалъя" гэж хэлсэн. Гэтэл сорилын дүнгээр түүний сурсан мэргэжил нь 50%-н тохиромжтой гарсан ба харин Бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтний ажил 90%-н тохиромжтой буюу өндөр хувьтай нийцтэй гарсан юм.
Ингээд би түүнд хандан өөрийнхөө Бизнес хөгжүүлэлт, маркетингийн ажлын сонирхлоо дагаж ажиллах нь илүү үр дүнтэй болох талаар зөвлөгөө өгсөн. Харин тэрээр энэ сорилын үр дүнд өөрийн сонирхол, ур чадвартаа бүрэн дүүрэн итгэлтэй болж, мөрөөдлөө биелүүлэх хамтрагч олохоор сэтгэл шулуудсан юм. Ингээд бид хоёрын яриа маш сайхан өндөрлөж, тэр охин ч сэтгэл санаагаар тун өөдрөг гарлаа.
Тэрнээс хойш 2 сарын дараа над руу дахин ярилаа. Тэрээр энэ хугацаанд бас л ажилд орж чадаагүй хэдий ч, харин савангаа үйлдвэрлэх хамтрагч олсоноо хэлсэн юм.
Одоо энэ охин өөрийн бизнесээ эхлүүлээд, хонины сүүл, тэмээний чөмөг, чацарганы тосоор хийсэн “ГИЛГЭРЭМ” гоо сайхны органик савангаа үйлдвэрлээд, тэр нь бүр Номин их дэлгүүрээр борлуулагдаж байгаа юм. Мэдээж энэ амжилт хүртэл маш их саад бэрхшээлийг туулж маш их хөдөлмөр, хамтрагчдынхаа дэмжлэгтэйгээр амжилтанд хүрсэн. Гэхдээ хүн өөрийн дуртай зүйлдээ юунд ч нугаршгүй дайчин байж чаддагийн жишээ нь болсон билээ.

Дэлхий дээр хүн бүрт өөрийн гэсэн орон зай байдаг. Тэр бол таны дуртай ажил мэргэжил, бас гэр бүл!

(Түүхийн эзэн: Г.Отгонцэцэг, “Гилгэрэм” органик савангийн брэндийг үүсгэн байгуулагч)

Карьер хөгжлийн төвийн захирал Д.Мөнхнаран